Sunday, September 5, 2010

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна

Нэгэн багш ангийнхаа сурагчдад нохойн бөөс үсэргэн туршилт хийе гэжээ. Сурагчид хэдэн 10 – н бөөсийг ширээн дээр тавиад, хэр өндөр үсэрч чадахыг нь ажиглав дараа нь үсэрч байгаа бөөснүүдийн дээрээс том шилэн сав хөмөрч тавьсан байна. Бөөснүүд дээш үсрэх болгондоо шил мөргөж, эцэст нь түүнээс өндөр үсэрч чадахгүй гэдгээ ухаарчээ. Энэ үед багш шилийг нь авав. Гэтэл бөөснүүд шилэн сав одоо хүртэл толгой дээр нь байгаа юм шиг тэр л хэмжээнд үсэрсээр байсан гэдэг. Бөөснүүд өөрсдийгөө хязгаарлан бодсоноор илүү өндөр үсрэх чадвараа алдсан байна.

Миний бодлоор үсрэх чадвар гэхээсээ илүү итгэл үнэмшлээ алдсан гэж боддог. Хүмүүс бид ч алдсан алдаанаасаа болоод дахиж тэр зүйлээ хэзээ ч хийж зүрхлэхгүйгээр шантарч,итгэл үнэмшил дээрээ тэр том шилэн савыг хөмөрч тавьж, улмаар тэр савандаа хязгаарлагддаг учир юу ч хийж чаддаггүй. Гэтэл ган төмөр галд улам хатуурдаг шиг айдас хүйдэс, алдаа эндэгдэл болгоныг өөдөөс сөрж, харин ч шинэ юм сурч авах, шинэ зүйл бүтээх боломж гэж харах хэрэгтэй. Миний хувьд үргэлж л жижиг сажиг хэдэн арван бэрхшээлүүдтэй үргэлж л тулгарч байдаг ч бэрхшээлүүд хожмын өдрийн амжилтын эхлэл гэж үздэг.

Жинхэнэ баатар эр эцсийн том тулаанд ялахын тулд, мянга мянган жижиг тулаанд ялагдсан ч гэсэн зүрх сэтгэлийнхээ хатыг үхүүлдэггүй гэдэг.